Бусад мэдээ
Үйлдвэрийн барилгын товчооны инженер техникийн ажилчид цуглаж уулзлаа.
"БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО ДОХИОЛЛЫН СИСТЕМИЙН ТӨЛӨВЛӨЛТ" сэдэвт цахим сургалт зарлагдлаа
МБЗТЗХолбооны ЕРӨНХИЙЛӨГЧ, ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн сонгууль 1 сарын 21-нд болно
"МОНХИДРОКОНСТРАКШН" ХХК-ийн ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер Цамбын БАТДОРЖ нь МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН цолоор шагнууллаа
Он цагийн тооллоор учран золгож буй шинэ ондоо Од хийморь, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье
2022 ОНЫ ШИЛДЭГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.
МБЗТЗХолбооны гүйцэтгэх захирал Гүрсүрэнгийн Батнам нь АЛТАНГАДАС одонгоор шагнагдлаа.
БАРИЛГАЧИН худалдааны төв нээлтээ хийлээ.
2020 ОНД НИЙСЛЭЛД ХИЙГДЭХ ОНЦЛОХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД
Нийслэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалт, гаднын хөнгөлөлтэй зээл тусламжаар 2020 онд Улаанбаатар хотод хийгдэх, ашиглалтад орох онцлох бүтээн байгуулалтыг цувралаар танилцуулья.
1. 200 ортой жишиг эмнэлэг
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй жишиг нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг 2017 оны зургадугаар сард эхлүүлсэн бөгөөд энэ хавар ашиглалтад оруулах юм.
Өдгөө нийт 165 ортойгоор үйл ажиллагаа явуулж буй хуучин эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, 200 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг ашиглалтад оруулснаар тус дүүргийн 157 мянган хүн амд үйлчлэх хүчин чадал бүхий нийт 365 ортой, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлэх томоохон эмнэлэгтэй болох юм. Энэхүү бүтээн байгуулалт нь нийт 33 сая долларын санхүүжилтээр хийгдэх аж.
2. Иж бүрэн спортын талбай
Нийслэлээс Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулж байгаа билээ.
Тохижилтын ажлыг “Монгол менежмент төв” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хүрээнд 3,450 ам метр талбайд 4.4 метр өргөнтэй, дөрвөн эгнээ 450 метр гүйлтийн зам, 5,500 ам метр талбайд хөлбөмбөгийн талбай, 880 ам метр талбайд сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай, 84 метр урттай 1.2 метр өргөнтэй уртын хариалтын зам, 1,155 ам метр явган зам хийгдэж байгаа аж.
Энэхүү талбайг ирэх долдугаар сард ашиглалтад оруулах юм. Нийт 1.8 тэрбум төгрөгийн өртгөөр хийгдэж байгаа.
3. Хонхтой цэцэрлэгт хүрээлэн
Хонхтой цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн анхны цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм. Улаанбаатар хотын төв талбайн урд байрлах 1.5 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлгийн ногоон байгууламж жилээс жилд хумигдаж сэргээн засварлах шаардлагатай болоод байгаа юм байна.
Энэ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн хөрөнгө оруулалттайгаар тус цэцэрлэгийн сэргээн засварлах ажлыг эхлүүлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын нэгэнд хүлээлгэн өгөх юм. Нийт 1.5 га талбайд 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттайгаа усан оргилуур, ногоон байгууламжийг хийж байгаа аж.
4. Богдын музейн гаднах цэцэрлэгт хүрээлэн
Богд хааны музейн гаднах цэцэрлэгт хүрээлэн нь 14 мянган м.кв талбайг хамарсан бөгөөд үүний 5.600 м.кв талбайг хатуу хучилттай замаар засаж 6.320 м.кв талбайг зүлэгжүүлж цэцгэн мандал тарихаар төлөвлөсөн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оноос хойш хийсэн бөгөөд ирэх долдугаар сарын ихээр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа аж.
Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнд түүхэн дурсгалын 13 хөшөөг байрлуулах бөгөөд үүнд 4.4 метрийн өндөртэй Богд хааны хүрэл хөшөө, гурван метрийн өндөртэй Богдын Лүндэн, зургаан метр урттай Мөнх тэнгэрийн хүчин дор, Цагаан шонхорын хүрэл баримал зэрэг сүрлэг хөшөөнүүд сүндэрлэх юм.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа бөгөөд нийт 1.9 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр хийгдэж байгаа.
5. 52.8 км бүхий дугуйн зам
Одоогийн байдлаар нийслэл хот 84.7 км дугуйн замтай бөгөөд хотын удирдлагын зүгээс нэмж найман байршилд 52,8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн. Байршлын хувьд Таван шараас-Саппоро, Саппоро-Баянбүрдийн уулзвар, Гэсэр сүм дагуу Самбуугийн гудамж, МУБИС-Зүүн дөрвөн зам, Зүүн дөрвөн зам-Офицеруудын ордон хүртэл, Туул голын арын далан дагуу, Налайхын зам дагуу, Богд уулын арын зам гэсэн маршрутаар хийгдэхээр болсон.
Тэгвэл эхний ээлжид маршлын гүүрнээс Дүнжингаравын зам хүртлэх 7.2 км замын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэх төлөвлөж байгаа юм. Уг төсөл нь 1.3 тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжих байгаа.
6. Орлогод нийцсэн 10,000 айлын орон сууц
Иргэдийн орлогод нийцсэн “10,000 өрхийн ногоон орон сууц ба дасан зохиоцох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг 2019 онд баталсан бөгөөд 2020 оноос хэрэгжиж эхлэх юм. Тус төслөөр нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10,000 айлын орон сууц барина. Эдгээр орон сууцны 1,500 нь түрээсийн орон сууц байх бол 5,500 нь орлогод нийцсэн орон сууц байх юм. Харин үлдсэн 3,000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдах юм.
Төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Мөн төслийг уур амьсгалын ногоон сангийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл, 50 сая ам.долларын буцалтгүй тусламж, Азийн хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон Дэвшилтэт технологийн сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлсан билээ.