Мэндчилгээ
Эрхэм хүндэт холбооны гишүүд ээ ...
Барилгын зураг төслийн салбар үүссэн цагаасаа хойш түүхэн хөгжлийнхөө 3 дахь үе шатанд орж явна. Эхний үе болох 1926-1990 он хүртлэх хугацаанд зураг төслийн салбарын суурь тавигдаж, үндэсний зураг төсөлчдийн бүтэн үеийг бий болгосон.
Тухайн үеийн улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөлд оновчтой бодлого явуулсаны үр дүнд дотоод, гадаадын олон оронд, үүний дотор ЗХУ ба Зүүн Европын орнуудад барилгын бүх чиглэлээр инженер архитекторууд бэлтгэгдсэн. Ингэснээр Монгол улсын оюуны маш хүчирхэг үйлдвэрлэлийн салбар бий болсон юм.
1990-2010 оны хугацаанд Зураг төслийн салбар 100% хувийн хэвшилд шилжиж, олон зураг төслийн компаниуд бий болсон. Эдгээр копаниуд төр засгийн аливаа дэмжлэггүйгээр өөрсдийн авъяас, хөдөлмөрөөрөө зураг төслийн салбараа авч үлдсэн төдийгүй, шинэ техник технологи, програм хангамжийг эзэмшиж хөгжлийн шинэ үе шатанд гаргасан.
1990 оноос өмнө бидний хөдөлмөрийн гол зэвсэг нь харандаа, шугам, баллуур байсан бол одоо өндөр хурдны компьютер, төрөл бүрийн хэвлэгч, хувилагч ашиглан Autocad, Archicad, MagicCad, nanoCad зэрэг зургийн программууд, барилгын хийцийн Lira Monomakh болон бусад олон тооцооны программуудыг өдөр тутмын үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Ингэж бид хөгжлийнхөө хоёр дахь үе шатыг амжилттай үргэлжлүүлсэн.
2010 оноос хойш зураг төслийн тодорхой компаниудын санаачилга, хөрөнгө оруулалтаар BIM дэмждэг программ ашиглаж эхэлсэн. Эдгээр программуудыг ашигласнаар зураг төсөл, тооцоог нэг программаар гүйцэтгэж, барилгыг 3 хэмжээст огторгуйд зурдаг болж байна.
BIM дэмждэг программыг барилгын салбарын оролцогч бүр ашиглаж хэвшсэнээр зураг төслийн оновчтой шийдлээс гадна зөвшилцдөг, хянадаг болон гүйцэтгэгч байгууллагуудын ажлын уялдаа холбоо автоматжиж үр дүнд нь цаг хугацаа, төсөв хэмнэх таатай нөхцөл бүрдэх юм.
Зураг төслийн салбарын энэхүү хөгжлийн гараан дээр Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо байгуулагдаж эдүгээ 10 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ.
Манай гишүүд барилгын зураг төслийн салбарын хөгжлийн түүчээ болж, ачааны хүндийг үүрч байгааг бахархан тэмдэглэж байна.
Бид цаашид “Барилгын салбарт BIM нэвтрүүлэх цогц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж үсрэнгүй хөгжлийн хөтөч байх болно.
Монголын барилгын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах болно.
МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БӨГӨӨД ЕРӨНХИЙЛӨГЧ
НАМСРАЙН ДОРЖ