Анхны Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Нийгмийн хөгжил, ард түмний сайн сайхан амьдрах, ажиллах  тохилог аюулгүй орчныг цогцлоохын төлөө оюун бодлоо чилээн, урлан бүтээх ухаанаа хурцлан ажиллаж байдаг Барилга, хот төлөвлөлтийн зураг төсөл зохиогч архитектор, инженерүүд, зураг төслийн компаниудын захиралууд Та бүхэнд Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо байгуулагдаж хөгжсөний баярын  мэндчилгээ  дэвшүүлье. Манай оронд орчин цагийн барилга байгуулалтын ажил эрчимтэй  хөгжиж эхэлсэн тэр цаг үеэс барилгын зураг төслийн  байгууллага  байгуулагдан түүхэн хөгжлийн үе шат бүрт тавигдсан зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэн эдүгээ 93 жил болж байна.

     Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос эхлэн төрөлжиж төвлөрсөн зураг төслийн байгууллагууд задарч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд болж байгуулагдан ажилласан үеэс барилгын зураг төслийн талаархи төрийн болон техникийн бодлого алдагдаж, зураг төсөл зохиогчдын мэргэжлийн эрх ашиг, үйл ажиллагаа хөндөгдөх болсонтой холбогдон дуу хоолой, хүч чадавхи, боломж бололцоогоо нэгтгэн зохион байгуулалтад оруулж ажиллах шаардлага тавигдсан юм.

    Цаг үе хөгжлийн шаардлагыг бусдаас илүү мэдэрсэн зураг төслийн компаниудын удирдлага “БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО” хэмээх мэргэжлийн ТББ-ыг үүсгэн байгуулах санаачилга гарган анхны хурлаа 2007 оны дундуур зохион байгуулж Холбооны дүрэм, Удирдах зөвлөлөө баталж намайг Холбооны ерөнхийлөгчөөр ажиллуулахаар сонгосон.

      Шинэ тутам энэ Холбооны үйл ажиллагааг тогтворжуулан бэхжүүлж хөгжүүлэх амаргүй ажилд нэгэн үзүүрт сэтгэл, зүтгэлээр хамтран ажиллаж дэмжиж байсан Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, гүйцэтгэх захирлууд, ажлын албаны ажилтнууд, Холбооны гишүүн бүх байгууллагууддаа баярлаж талархсанаа илэрхийлэхэд таатай байна. 

      Дэлхийн нийтийн анхаарлыг татаж буй дулаарал, байгаль цаг уурын өөрчлөлт, хүрээлэн байгаа орчны доройтол, хотжилтоос үүсч буй сөрөг үр дагаваруудыг арилгахад шинжлэх ухаан, мэдээллийн технологийн өргөн боломжуудыг ашиглан хөгжлийн ирээдүйн шаардлагад нийцэхүйц амьдрах хөдөлмөрлөх чанартай орчинг бүрдүүлэх, ногоон хөгжил, ногоон хот, ногоон барилга, ухаалаг технологийг өргөн хүрээнд хэрэгжүүлэхийн төлөө мэдлэг, туршлага, оюуны чадавхи, бүтээлч хөдөлмөрөө улам өргөжүүлэн баяжуулж тогтвортой үйл ажиллагааг эрхэмлэн ажиллах шаардлагатай байгааг онцлон тэмдэглэж Та бүхний хичээл зүтгэлд өндөр амжилт хүсье. 

МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБООНЫ АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ,         

                    МУ-ЫН ГАВЪЯАТ БАРИЛГАЧИН                                     Г.МЯГМАР