Холбооны дүрэм

МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН

ХОЛБООНЫ  ДҮРЭМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1 “МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО” (цаашид “Холбоо” гэх) нь Монгол Улсын “Төрийн бус байгууллагын тухай” хууль болон  холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын нийтлэг жишгийг баримталсан төрөөс хараат бус, үйл ажиллагаа нь олон нийтэд ил тод, өөрийгөө санхүүжүүлэн энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллах, ашгийн төлөө бус, нийгэм болон гишүүддээ үйлчилдэг төрийн бус, мэргэжлийн байгууллага мөн.

1.2  Холбооны албан ёсны оноосон нэр: 

1.2.1. Монгол хэлээр: МОНГОЛЫН БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОГЧДЫН ХОЛБОО 

Цаашид “МБЗТЗХ” ТББ гэж товчилж бичнэ.

1.2.2  Англи хэлээр: MONGOLIAN ASSOCIATION OF CONSTRUCTION DESIGNERS

Цаашид “MACD” NGO гэж товчилж бичнэ. 

1.3 Албан ёсны хаяг: 

Холбоо нь: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, 45/4-р байр 507 тоот. ЗИП КОД 16050 Харилцах утас 976-77113136 

Орон нутагт салбар, төлөөлөгчтэй байж болно. Мөн үйл ажиллагааг төрөлжүүлж клуб ажиллуулж болно. 

1.4 Холбоо нь 2007 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн байгуулагдсан.

1.5 Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо нь хуулийн этгээдийн эрх эдэлж, энэхүү дүрмийн Хавсралт 1-д заасан бэлгэ тэмдэг (лого), тамга, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх ба банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна.

1.6 Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо нь гишүүн байгууллага болон гишүүндээ эрх тэгш үйлчлэх бөгөөд аливаа хэлбэрээр явгаварлан гадуурхахыг хориглоно.

ХОЁР. Зорилго, үйл ажиллагааны чиглэл

2.1 Холбооны алсын хараа нь:

Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбарын манлайлагч төрийн бус, мэргэжлийн байгууллага байна.

2.2 Холбооны эрхэм зорилго нь:

Хот байгуулалт, барилгын зураг төслийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг төр болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын түншлэлийг хөгжүүлэх замаар хэрэгжүүлэх, зураг төслийн ажлыг олон улсын жишигт хүргэх, төрийн ногоон хөгжлийн бодлогыг дэмжих, гишүүн байгууллагын түвшинг инженер, техникийн ажилчдын чадавхийг хөгжүүлэх, мэдээллээр хангаж эрх ашгийг хамгаалахад оршино.

2.3 Холбоо нь эрхэм зорилгоо биелүүлэхэд чиглэсэн дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. 

2.3.1 Хот байгуулалт, зураг төслийн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогод санал өгөх, төр болон төрийн бус байгууллагын түншлэл хөгжүүлэх замаар гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах

2.3.2 Гишүүн байгууллагуудын нийгмийн идэвхи, урлаг, соёл, спортыг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;

2.3.3 Хот байгуулалт, зураг төслийн салбарт гадаадын ижил төрлийн байгууллагатай хамтын ажиллагаа  тогтоох, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, төрийн чиг үүргийг төрийн бус,  мэргэжлийн байгууллагад гэрээгээр гүйцэтгэх, бусад төрийн бус, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг дээшлүүлэх;

2.3.4 Холбооны үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үйл ажиллагаанаас олох орлогыг нэмэгдүүлэх замаар бий болгох;

2.3.5 Хот байгуулалт, зураг төслийн салбарын хууль эрх зүйн баримт бичиг, нормативын баримт бичгийг сайжруулах замаар салбарын шинэ мэдээ мэдээллээр хангах, мэргэшлийн чадавхийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх;

2.4 Холбоо нь эрхэм зорилго, зорилтуудаа хэрэгжүүлэхэд чиглэгдсэн дараах үйл ажиллагааг авч хэрэгжүүлнэ. 

2.4.1 Гишүүн байгууллага, гишүүдийнхээ ажил, бүтээлд үнэлгээ өгөх, шалгаруулалт хийх, төр засгийн шагналд тодорхойлох;

2.4.2 Үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хурал, семинар, уулзалт, хэвлэлийн бага хурал, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах;

2.4.3 Төрийн болон гүйцэтгэх засаглалын байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх;

2.4.4 Гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, энэхүү үйл ажиллагаандаа гишүүн байгууллага, гишүүдийг оролцуулж, нэгдсэн зохион байгуулалтын удирдлагаар хангах;

2.4.5 Зураг төсөлчдийн залгамж халаа хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх ажлыг холбогдох гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

2.4.6 Барилга байгууламжийн угсралтын ажлын явцад зохиогчийн хяналт хийх, байнгын ашиглалтанд оруулахтай холбогдсон барилгын норм дүрэм, эрх зүйн баримт бичиг, төсөлд саналаа өгөх;

2.4.7 Зураг төсөл боловсруулах, хянаж зөвшөөрөлцөх, магадлал хийх, ажлын шат дамжлагыг багасгах чиглэрээр санал, зөвлөмж боловсруулан, холбогдох байгууллагуудад тавих;

2.4.8 Зураг төслийн үйлдвэрлэлд шинжлэх ухаан, техник, технологийн ололтыг нэвтрүүлэх, мэдээллээр хангах, хууль эрх зүй, мэргэжлийн зөвлөгөө өгөх;

2.4.9 Зураг төслийн салбарын мэдээ, мэдээлэл цуглуулах, солилцох түгээх, мэдээллийн сан байгуулан үйл ажиллагаандаа ашиглах;

2.4.10 Зураг төслийн байгууллагуудын инженер, техникийн ажилтуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;

2.4.11 Зураг төслийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгон бэхжүүлэх, үндэсний зөвлөх үйлчилгээний байгууллагуудыг төлөвшүүлэх, гадаад орны зураг төсөлчидтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

2.4.12 Зураг төслийн ажилтай холбогдох хууль, тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандарт боловсруулахад оролцох, түүнийг хэрэгжүүлэх;

2.4.13 Барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагааг түншлэлийн гэрээгээр хамтран гүйцэтгэх, мэргэжилтэй ажилтны давтан болон чадавхжуулах сургалтыг эрхлэх;

2.4.14 Салбарын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлж, үнэлэлт, дүгнэлт өгөх, 

ГУРАВ. Холбооны бүтэц, хяналтын тогтолцоо

3.1 Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал бөгөөд бүх гишүүдийн хурлын хооронд холбооны удирдлагыг Удирдах зөвлөл байна. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх алба хэрэгжүүлнэ. 

3.2 Бүх гишүүдийн хурал

3.2.1 Бүх гишүүдын ээлжит хурлыг жил тутам нэгдүгээр улиралд зохион байгуулна. Бүх гишүүдийн хуралдааныг Хурлаас сонгогдсон хурлын тэргүүлэгчид удирдана. Хурлын шийдвэрийг олонхийн саналаар гаргах бөгөөд хурлын тогтоолд тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулна.

3.2.2 Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг Удирдах зөвлөлийн дийлэнхи олонхи (2/3)-ийн санал гаргасан эсхүл холбооны Ерөнхийлөгчийн санаачлагаар  зарлан дор дурьдсан асуудлаар хуралдуулж болно. Үүнд:

3.2.2.1 Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нөхөн батлах;

3.2.2.2 Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийг нөхөн батлах;

3.2.2.3 Бүх гишүүдийн хурлын эрх мэдэлд хамааралтай асуудлаар цаг үеийн чухал шийдвэрийг гаргуулах.

3.2.3 Бүх гишүүдийн хурлыг гишүүн байгууллагын 51 ба түүнээс дээш хувь оролцсоноор хүчин төгөлдөр болно.

3.2.4 Онцгой нөхцлийн улмаас Бүх гишүүдийн хурал хойшлогдсон тохиолдолд дараагийн сонгууль хүртэлх хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж буй албан тушаалтнууд бүрэн эрхээ тодорхой бус хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

3.2.5 Бүх гишүүдийн хурлаар дор дурьдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

3.2.5.1 Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах;

3.2.5.2 Холбооны хөгжлийн бодлого, хэтийн төлөвийг тодорхойлох;

3.2.5.3 Холбооны үйл ажиллагааны тайланд үнэлэлт өгөх;

3.2.5.4 Холбооны санхүүгийн тайланд үнэлэлт өгөх;

3.2.5.5 Холбооны Удирдах Зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч (цаашид “Ерөнхийлөгч” гэх) болон холбооны  Дэд ерөнхийлөгчийг (цаашид “Дэд ерөнхийлөгч” гэх) сонгох;

3.2.5.6 Холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох;

3.2.5.7 Гишүүнчлэлийн татварын хэмжээг тогтоох;

3.2.5.8 Холбооны зүгээс тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах;

3.2.5.9 Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах болон үлдэгдэл хөрөнгийг хувиарлах асуудлыг шийдвэрлэх;

3.2.5.10 Удирдах зөвлөлөөс оруулсан бусад асуудлууд;

3.3 Удирдах зөвлөл

3.3.1 Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа нь хуралдааны хэлбэр байх бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ. Үүнд: 

3.3.1.1 Дүрмээр тодорхойлсон холбооны үндсэн үйл ажиллагааны жилийн ажлын төлөвлөгөө, түүний биелэлтээр Бүх гишүүдийн хуралд тайлан тавьж хэлэлцүүлэх;

3.3.1.2 Холбооны жилийн төсөв, орон тооны бүтцийг батлах;

3.3.1.3 Бүх гишүүдийн хурлаас гаргасан бүхий л шийдвэрийн хэрэгжилтийг хангах;

3.3.1.4 Холбооны гүйцэтгэх захирал болон менежерүүдийг томилох, тэдгээртэй байгуулсан гэрээг дүгнэх, жилийн ажлын тайланг хэлэлцэх, ажлаас чөлөөлөх асуудал;

3.3.1.5 Холбооны үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай дүрэм, журам, зааврыг санаачлан батлах, мөрдүүлэх;

3.3.1.6 Холбооны өмч, хөрөнгийг захиран зарцуулах болон бусад шийдвэр гаргах талаар гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох;

3.3.1.7 Шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ гаргасан байгууллага, хүмүүсийг гишүүнд элсүүлэх, батламжлах эсхүл гишүүн байгууллага, гишүүнийг хасах;

3.3.1.8 Бусад орнуудын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах чиглэл, ОУ-ын байгууллагуудын гишүүн байгууллага болох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

3.3.1.9 Холбооны орон нутгийн салбар, төлөөлөгчийн сонгох, клубын дүрмийг батлах;

3.3.1.10 Удирдах зөвлөлийн гишүүн болон Гүйцэтгэх захирлын хууль бус үйл ажиллагаа, ажлын хариуцлага алдсанаас үүссэн хохирол, бусад байгууллагуудад төлөх торгууль, төлбөрийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх;

3.3.1.11 Дүрэмд заагдсан бусад эрх, үүрэг.

3.3.2 Холбооны Удирдах зөвлөл нь 9 болон түүнээс дээш сондгой тооны гишүүнтэй, Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэй байх бөгөөд гишүүд нь үүрэг даалгавараа гүйцэтгэх явцад гарсан нөхөн төлбөрөөс өөр бусад цалин, шагнал авахгүй.

3.3.3 Холбооны Удирдах Зөвлөлийн хуралдаан нь тухайн жилийн Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх дэмжиж Холбооны Ерөнхийлөгчийн албажуулсан хурлын дэгийг баримталж ажиллана. 

3.3.4 Холбооны Удирдах зөвлөлийн хурлыг улирал тутам хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд Удирдах зөвлөлийн даргын санаачлагаар зарлан хуралдуулж болно. 

3.3.5 Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй. Удирдах зөвлөлийн дарга сонирхлын зөрчилтэй байвал тухайн хурлаас хуралдаан даргалагчыг сонгоно. 

3.3.6 Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Холбоооны Ерөнхийлөгчийг бүх гишүүдийн хурлаар 4 жилд 1 удаа сонгоно. Нэг удаа улиран сонгогдож болно.

3.3.7 Холбооны үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан хөгжүүлэх зорилгоор Холбооны шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн өмнөх ерөнхийлөгч нь Холбооны ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллана. 

3.3.8 Холбооны ерөнхийлөгчийн зөвлөх нь шаардлагатай үед саналын эрхгүйгээр Удирдах зөвлөлийн хуралд оролцоно.

3.3.9 Ерөнхийлөгчийн эзгүйд Дэд ерөнхийлөгч ажлыг орлон гүйцэтгэх бөгөөд дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.3.9.1 Холбооны хяналтын зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжих, чиглүүлэх;

3.3.9.2 Орон нутаг дахь салбар, төлөөлөгч, салбар клубын үйл ажиллагаанд хяналт тавих, дэмжих, чиглүүлэх.

3.3.10 Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Холбоооны Ерөнхийлөгч дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

3.3.10.1 Холбооны үйл ажиллагааны одоогийн ба хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж, Бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргаж, мөрдөн ажиллах;

3.3.10.2 Холбоог гадаад, дотоодод төлөөлөх;

3.3.10.3 Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;

3.3.10.4 Холбоог төлөөлөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл гаргах;

3.3.10.5 Удирдах зөвлөлийн хурлыг даргалах, гишүүдийг удирдлагаар хангах;

3.3.10.6 Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулах;

3.3.10.7 Дүрэмд заагдсан бусад эрх, үүрэг.

3.4 Хяналтын зөвлөл

3.4.1 Бүх гишүүдийн хурлаас сонгогдсон Хяналтын зөвлөл холбооны өдөр тутмын үйл ажиллагаанд доорх хүрээнд хяналт тавьж дараах үүрэг, хариуцлагыг хүлээлгэнэ. Үүнд:

3.4.1.1 Холбооны үйл ажиллагаа Монгол Улсын хууль, тогтоомж, энэхүү дүрмийн дагуу явагдаж байгаа эсэхийг хянах;

3.4.1.2 Нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцэл гаргалт, гишүүдийн татвар, хураамжийн төлөлт зохих хууль, тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг шалгах;

3.4.1.3 Гишүүн байгууллагын татвар төлөлт, хандивын хөрөнгө, бусад орлогын хэмжээ, зарцуулалтанд хяналт тавих;

3.4.1.4 Шаардлагатай үед бусад байгууллага, иргэдтэй гэрээ, хэлцэлийн биелэлт болон гадаад харилцаатай холбогдол бүхий баримт бичгийг шалгах;

3.4.1.5 Гишүүн байгууллагаас Хяналтын зөвлөлд тодорхой асуудлаар гомдол гаргавал шалгаж, дүнг Удирдах зөвлөлд танилцуулах;

3.4.1.6 Хяналтын зөвлөл шалгасан баримт бичиг, тайлан тэнцлийн нууцыг хадгалах үүрэгтэй;

3.4.1.7 Гүйцэтгэх захирлаас шалгалтын ажилтай холбоотой материалыг шаардаж гардуулах эрхтэй;

3.4.2 Хяналтын зөвлөл нь бүх гишүүдийн хуралдаанд ажлын тайлан тавина. Тайланд дараагийн жилд авах арга хэмжээний саналыг тусгана. 

3.5 Гүйцэтгэх алба

3.5.1 Гүйцэтгэх захирал нь Холбооны гүйцэтгэх удирдлага байна.

3.5.2 Гүйцэтгэх захирал тухайн жилийн төлөвлөгөөг Бүх гишүүдийн хурлаар, төсвөө Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, түүний дагуу Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Холбооны Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн эрх, үүргийнхээ хүрээнд байгууллагаа төлөөлөн ажиллаж, тушаал, шийдвэр гаргах, өмч, хөрөнгийн захиран зарцуулах эрхтэй.

3.5.3 Гүйцэтгэх захирал нь холбооны жилийн тайлан тэнцлийг татварын албанд, үйл ажиллагааны тайланг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус тогтоосон журмын дагуу гаргаж, дараа оны 2-р сарын 15-ны дотор өгнө. Эдгээр тайлангийн материалыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, байгууллагын архивт хадгална.

3.5.4 Гүйцэтгэх захирал гэрээнд заасан бүрэн эрхийн хугацаа дууссан үед дараагийн гүйцэтгэх захирлыг томилогдох хүртэл албан үүргээ гүйцэтгэнэ.

3.5.5 Холбооны менежерүүд нь томилогдох албан тушаалтан байх бөгөөд Гүйцэтгэх захирлын шууд удирдлаганд холбооны өдөр тутмын ажиллагааг гүйцэтгэнэ.

Дөрөв. Холбооны гишүүнчлэл 

4.1 Холбооны гишүүнчлэл нь холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн, Хот төлөвлөлт, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, хүмүүсээр бүрдэнэ.

4.2 Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн байгууллага, хүмүүс нь энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөхөө илэрхийлсэн хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд холбооны Удирдах зөвлөл шийдвэрлэнэ.

4.3 Гишүүн байгууллага, гишүүн нь жил бүр гишүүнчлэлийн татвараа төлөх бөгөөд татварыг жилийн эхний улиралд багтаан төлнө.

4.4 Холбооны гишүүн байгууллага, гишүүн нь дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

4.4.1 Холбооны удирдах албан тушаалд сонгох, сонгогдох, нэрээ дэвшүүлэх, татгалзах;

4.4.2 Холбооны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, гишүүдийн эрх ашгийг хамгаалах талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх, зохих итгэмжлэлийн дагуу Холбоог төлөөлөх, нэр, хаягийг хэрэглэх;

4.4.3 Холбооны ажлын болон санхүүгийн тайлан, бусад мэдээлэлтэй үнэ төлбөргүй танилцах, Холбооны санд байгаа мэдээллийг тогтоосон журмын дагуу авч хэрэглэх;

4.4.4 Холбооноос мэргэжлийн үйл ажиллагаа, бүтээлийнхээ батламж, тодорхойлолтыг гаргуулах, тусламж хүсэх;

4.4.5 Холбооноос зохион байгуулсан хурал, зөвлөгөөн, сургалт, семинар, уулзалтанд оролцох, санал өгөх, үзэсгэлэнд бүтээлээ тавих.

4.5 Гишүүн байгууллага, гишүүн нь тус холбооны дүрэм, гаргасан шийдвэр, өгсөн үүрэг, даалгавар, уриалгыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй.

4.6 Холбооны гишүүнчлэлээс дараах үндэслэлээр хасна. Үүнд:

4.6.1 Байгууллагын удирдлага, хамт олон хүсэлтээ бичгээр гаргасан;

4.6.2 Холбооны дүрэм, гишүүний үүргээ зөрчсөний улмаас байгууллагын ажил хэргийн нэр хүндийг унагаасан, хохирол учруулсан;

4.6.3 Сахилгын болон мэргэжлийн ёс суртахууны алдаа гаргасан;

4.6.4 Гишүүнчлэлийн татвараа хүндэтгэх шалтгаангүйгээр 12 сараас дээш хугацаагаар төлөөгүй.

4.7 Гишүүнчлэлээс хасах шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана.

4.8 Гишүүнчлэлээс хасах асуудлыг шийдвэрлэхдээ гишүүн байгууллага, гишүүнд урьдчилан бичгээр мэдэгдэж, хэлэлцэх хуралд биеэр оролцон тайлбар өгөх боломжоор хангана. Хуралд оролцох талаар мэдсэн атлаа ирээгүй явдал нь асуудлыг хэлэлцэхэд саад болохгүй.

4.9 Гишүүнчлэлээс гарсан, хасагдсан гишүүн байгууллага, гишүүн нь гишүүний эрх, үүргийг эдлэхгүй, холбооны нэр, бэлгэ тэмдэгийг ашиглах эрхгүй бөгөөд буруутай үйлдлийн улмаас учруулсан бодит хохирлоо барагдуулах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

4.10 Гишүүнчлэлээс гарсан, хасагдсан байгууллага, хувь хүний тушаасан тухайн жилийн гишүүний татвар, бусад мөнгөн хандивыг эргүүлэн олгохгүй.

4.11 Дахин элсэх тухай хүсэлтийг шинээр элсэж буй байгууллага, хувь хүний адилаар гаргахдаа нэг жилийн гишүүний татварыг нөхөн төлсөн байна. 

ТАВ. Санхүүгийн үйл ажиллагаа

5.1 Холбооны үндсэн ба мөнгөн хөрөнгийг зөвхөн Холбоо өөрөө эзэмшинэ. Дүрмээр заасан үйл ажиллагааг явуулахын тулд Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд түүнийг захиран зарцуулах эрхийг Гүйцэтгэх захирал эдэлнэ.

5.2 Холбооны санхүүгийн үйл ажиллагааг Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу явуулж, санхүүгийн жилийн тайлан, тэнцлийг гаргаж харьяалагдах татварын албанд өгнө. Тайланд дараах үндсэн, бүрдэл хэсгүүд заавал орсон байна. Үүнд:

-Баланс

-Орлогын тайлан

-Мөнгөн гүйлгээний тайлан

-Хуримтлагдсан хандивын тайлан

-Нэмэлт тайлбар тодруулга

5.3 Холбооны дансаар дамжих бүхий л гүйлгээний баримтанд Гүйцэтгэх захирал гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

5.4 Холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:

5.4.1 Гишүүн байгууллага, гишүүдийн татвар, гадаад, дотоодын байгууллага, хувь хүмүүсийн хандив;

5.4.2 Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого;

5.4.3 Зээлийн ба өвийн хөрөнгө;

5.4.4 Төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсөв болон Олон Улсын байгууллагаас олгосон хөрөнгө;

5.4.5 Уран бүтээлийн үзэсгэлэн, мэргэжлийн уралдаан тэмцээн зохион байгуулах үйл ажиллагаанаас олсон орлого;

5.4.6 Төрийн чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхтэй холбоотой үйл ажиллагааны орлого гэх мэт.

5.5 Холбооны орлогыг зөвхөн дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна. Уг орлогоос ноогдол ашиг хуваарилах, аливаа байгууллага, хувь хүнд хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн өмнөөс ямар нэг төлбөр хийх, Монгол улсын Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам, эвсэл болон хувиараа нэр дэвшигчид хандив өргөх зэргийг хориглоно. Түүнчлэн Удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлаас Холбооны эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн ба аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

ЗУРГАА. Холбоог өөрчлөн байгуулах,

татан буулгах

6.1 Холбоо энэхүү дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан бөгөөд цаашид үргэлжлүүлэн  ажиллуулах шаардлагагүй буюу шинэ, өөр зорилт дэвшүүлэн, өөрчлөн байгуулахаар бол татан буулгах буюу өөрчлөн байгуулж болно. Татан буулгах буюу  өөрчлөн байгуулах асуудлыг  Бүх  гишүүдийн хурлаар хэлэлцэн олонхи (2/3 ) -ийн саналаар шийдвэрлэнэ.

6.2 Холбоо нь дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулж, хууль, тогтоомж зөрчсөнийг шүүхээс тогтоож, албадан татан буулгах шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсноор татан буугдана.

6.3 Холбоог татан буулгасан буюу өөрчлөн байгуулсан шийдвэрийг 21 хоногийн дотор нийтэд  мэдээлж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд бичгээр мэдэгдэнэ.

6.4 Холбоо татан буугдсан тохиолдолд холбогдох төлбөр тооцоог барагдуулсны дараа түүний  эзэмшлийн эд хөрөнгийг ижил зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, эсвэл зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

                                                          ДОЛОО. Бусад зүйл

7.1 Энэхүү дүрэм нь Бүх гишүүдийн хурлаар гишүүдийн олонхийн (2/3) –ийн саналаар батлагдсан бөгөөд батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

7.2 Холбооны дүрэмд Удирдах зөвлөлийн гишүүдийн 80%-ийн саналаар, бүх гишүүдийн 2/3-оос доошгүй гишүүдийн саналаар, Төрийн чиг үүргийг гэрээгээр хэрэгжүүлэх шийдвэр гарсан, хууль эрхзүйн орчинд өөрчлөгдсөн тохиолдолд энэ дүрмийн дагуу өөрчлөлт оруулж болно. 

7.3 Энэхүү дүрэм болон түүнд орсон нэмэлт өөрчлөлтийг Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Улсын бүртгэлийн газарт бүртгүүлнэ.

       

       МБЗТЗХ-ны Бүх гишүүдийн хурлын дарга:   /Б.Оюунбилэг/

       Бүх гишүүдийн хурлын тэргүүлэгч:               /Г.Мягмар/

       Бүх гишүүдийн хурлын тэргүүлэгч:               /М.Амаржаргал/